ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙ, ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, КАДАСТРЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-07-04



ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙ, ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, КАДАСТРЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Оросын Холбооны Улс "Роскадастр" төрийн өмчит компани хооронд геодези, зураг зүй, газар зохион байгуулалт, кадастрын салбарт хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Тус Санамж бичигт Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай, Оросын Холбооны Улсын "Роскадастр" төрийн өмчит компанийн Эрхүү муж дахь салбарын дарга Мазуров С.Ф нар гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн дагуу геодези, зураг зүй, газар зохион байгуулалт, кадастрын салбарт мөрдөж буй стандарт, норм, дүрэм, нормативын баримт бичиг, шинэ техник, технологи солилцох, шинжээчдийн уулзалт, хэлэлцээр, семинар, сургалт, бага хурал, зөвлөлдөх уулзалт хамтран зохион байгуулах юм.
Оросын Холбооны Улсын 2021 онд батлагдсан “Роскадастр” төрийн өмчит компанийн тухай хуулийн дагуу “Үл хөдлөх хөрөнгийн төрийн хяналт, тооллогын төв” /Ростехинвентаризация/, “Геодези, зураг зүй, орон зайн өгөгдлийн дэд бүтцийн шинжлэх ухаан-техникийн төв”, “Холбооны кадастрын танхим”, “Роскартография” ХК зэрэг байгууллагуудыг нэгтгэж "Роскадастр" төрийн өмчит компанийг байгуулсан бөгөөд ОХУ-ын Улсын бүртгэл, кадастр, зураг зүйн агентлагт харьяалагдан 2024 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Санал асуулга