МОНГОЛ УЛСАД ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 70 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

2024-12-13
 
Өнөөдөр Монгол улсад газрын харилцааны мэргэжлийн байгуулага үүсэж хөгжсөний 70 жилийн ойн баярын хурал Төрийн ордоны Их танхимд боллоо.
Баярын хурлыг Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал нээж, хэлсэн үгэндээ Газар зохион байгуулалт, зөв төлөвлөлт нь улс оронд хөгжил дэвшлийг авчрах хөгжлийн тулгуур багана юм хэмээн онцолж өнгөрсөн 70 жилийн хугацаанд газрын харилцааны салбарт гарсан ололт амжилт түүнийг бүтээлцсэн үе үеийн төлөөлөл болсон ахмад буурлууд, хөдөлмөр хичээл зүтгэлийг түүчээлэн, залгамж халаа болсон орчин цагийн боловсон хүчин та бүхэндээ баярын мэндийг хүргэе гэлээ.
Мөн Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар мэндчилгээ илгээсэн бөгөөд Монгол улсын ерөнхийлөгчийн мэндчилгээг Монгол улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Батсуурийн Даваадалай уншиж танилцуулсан бол Монгол улсын Ерөнхий сайдын мэндчилгээг Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх Буяннэмэхийн Жамбал уншиж танилцууллаа.
Улс орны хөгжлийн тулгуур багана, тусгаар тогтнолын үнэ цэнэ, ард иргэдийн амьдралын баталгаа болсон газар хэмээх үл хөдлөх хөрөнгийг баталгаажуулж, газрыг төлөвлөж орчин цагийн Монгол улсыг бүтээж яваа “Газрын харилцааны салбарынхандаа баярын мэнд хүргэе гэлээ.
Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт геодези зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай нь Засгийн газраас газрын харилцааны олон салбар дамнасан үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэргээр салбарын шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Мөн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг Монгол улсын Ерөнхий сайдын шууд эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлсний үр дүнд газрыг зөвхөн газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн дагуу олгох, олон салбарын төслүүдийг газрын давхцал зөрчилгүй, уялдаа холбоотойгоор хэрэгжүүлэх болон Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан “газрын нэгдмэл сангийн нэгдсэн бодлого, удирдлагын тогтолцоог бүрдүүлэх” бодит боломж бүрдээд байна гэлээ. Цаашид хийгдэх ажлын тухайд
орон зайн их өгөгдлийг бүрдүүлэх, түүнд суурилсан төлөвлөлт, шийдвэр гаргалтыг дэмжих, хаягийн системийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, 3D кадастрыг нэвтрүүлж газар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг төгөлдөржүүлэх, тэдгээрт шаардлагатай хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох зэрэг ажлуудыг эрчимжүүлнэ гэлээ.
Санал асуулга

2. Газрын цахим програм хангамжийн талаар мэдээ, мэдээлэл хаанаас авч байна вэ!!!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР